10 жилийн сурагч байхдаа нийгмийн хичээл дээр яг энэ сэдвээр илтгэл тавьж байлаа. Тийм сайн илтгэл байгаагүй ч миний ярьсан сэдвийг хүүхэд бүр мэдэж, үл тоож байсанд жоохон сэтгэл дундуур байснаа тод санадаг юм. Гэхдээ ухамсарладаг нь цөөхөн гэдгийг Тэрэлж, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Хөвсгөл, Өвөрхангай гээд амралт, зугаалгын хөлд дарагддаг аймгуудын хөдөө нутгаас харж болно.
Хог хаяж байгаа хүмүүст энэ сэдэв нөлөөлөхгүй ч арай дөмөгхөн сэтгэдэг, гэхдээ хаа нэг хог хаячихдаг хэнэггүй гаруудад нөлөөтэй байх болов уу гээд сурагч байх үеийнхээ сэдвийн гол зүйлсийг жагсаан бичье.
Пластик хог хаягдал
1000 жил
450 жил түүнээс илүү
Орчин үеийн амьдралын хэв маягт пластик хэрэглээ хамгийн түгээмэл хэрэглэгдэхүүн. Зөвхөн ундааны пластик сав хийхийн тул жилд 1,6 сая баррель газрын тос зарцуулдаг байна /АНУ/. Пластик сав, гялгар уут бидний олон асуудлыг хялбараар шийддэг боловч үүнээс их хор хохирлыг дагуулдаг юм.
Хуванцар хог хаягдал нь өөртөө маш олон төрлийн бичил биетнүүдийг агуулдаг бөгөөд биологийн аргаар задрахдаа эдгээр бичил биетнүүд нь дэлхийн дулааралд нөлөөлөхүйц метан/хүлэмжийн/ хийг ялгаруулдаг. Мөн таны идэж хэрэглэж буй зүйлд шингэдэг.
Засгын газраас 0,035 мм-с нимгэн гялгар уутыг 2019 оны 3-р сараас хэрэглэхийг хорих шийдвэр гаргасан.
Гялгар уут, хуванцар сав авч дахин боловсруулалт хийдэг газрууд:
Сан Оргиу ХХК
Төвшин Сайхан төв
/энэ жагсаалтыг нэмнээ/
Архи, ундааны шил
1000 жил
Шилний гол найрлага бол силика. Энэ нь дэлхий дээрх хамгийн хүнд, тогтвортой эрдэс юм. Тиймээс байгальд жамаараа шингэх хугацаа нь мянга орчим жил. Аз болоход шилийг эргүүлэн татаж, дахин боловсруулалт хийх сонирхол байгууллагуудад их байдаг. Гэвч архины шилээ машиныхаа цонхоор шиддэг, суусан газраа хаядаг, хүүхдийнхээ сокны шилийг хаячихдаг ээж, аав, ах, эгч нарын балгаар гал гарах нөхцөлд бүрддэг нь үнэхээр харамсалтай.
Хөнгөн цагаан лааз
80 жил
Шар айрагны лааз байгальд бүрэн задрах хугацаа нь 80 жил. АНУ-д өдөр бүр 120,000 лаазыг дахин боловсруулдаг боловч 3 сарын хугацаанд бүхэл бүтэн онгоцыг дахин сэргээх хэмжээний хог хаягдал гардаг байна. Монгол улстайгаа харьцуулаад ч яахавдээ.
Памперс
200 — 500 жил
Дэлхийд хосгүй гайхам зан үйлтэй ард түмэн бол яахын аргагүй бид билээ. Уул хадны оройд, цэвэр онгон дагшин хог хаягдалгүй газрын хөрсөнд нярайн бөөн бөөн памперс булаатай байх нь гэрт ирсэн шинэ зочиндоо хүндэтгэл үзүүлж буйн тод жишээ. Гэвч энэ мунхаг байдал нь эргээд үр хүүхдийнх ирээдүйд хэчнээн хохирол учруулж байгааг тэр ээж, аав ойлгохгүй л байхдаа.
Цаас
2–6 долоо хоног
Цаас бол микро организмын нөлөөгөөр задардаг материал. Иймд хаягдал болсон тохиолдолд ялзарч, өвчин үүсгэгч нянг үржүүлдэг бөгөөд нүүрс хүчилийн хийнээс 23дахин хүчтэй хорт хий ялгаруулдаг аж. Сайн чанарын цаасны гол түүхий эд нь мод юм. Энэ утгаараа цаасны хаягдлыг дахин боловруулж шинэ ЭКО цаас гаргаж авах нь төдий хэмжээний модыг тайрагдахаас хамгаална гэсэн үг.
Судлаачдын тооцоолсноор нэг тонн цаасыг дахин боловсруулбал 17 модыг тасдуулахаас аврах гэнэ. Мөн дундаж хэмжээний хувийн орон сууцыг хоёр жил цахилгаанаар таслахгүй хангах хэмжээний эрчим хүч болон суултуурын усыг 2000 удаа татсантай тэнцэх усыг хэмнэх тооцоо гарчээ. /Аргун трейд/
Дахин боловсруулсан цаас хэрэглэцгээе, хэрэглэсэн цаасаа тушааж хэвшицгээе!
Ийм нэг зар оллоо.
Тамхины иш — 10–12 жил;
Резинэн гутал — 50–80 жил;
Хуванцар аяга — 50 жил;
Арьсан гутал — 25–40 жил;
Сүүний хайрцаг — 5 жил;
Картон цаас — 2 сар;
Нилон /nylon/ даавуу — 30–40 жил;
Олс — 3–14 сар;
Хөнгөн цагаан лааз — 200–250 жил;
Тийз — хоёр долоо хоног,
Canvas бүтээгдэхүүн — 1 жил;
Батарей — 100 жил;
Ариун цэврийн хэрэгсэл — 500–800 жил;
Ноосон хувцас — 1–5 жил;